Да.Ганболд: “рио“-гийн инженерүүд оюу толгойн нөөц өснө гэсэн таамаг хэлж байгаа

 "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛ­ГОЙ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН  ТУЗ-ИЙН МОН­ГОЛЫН ТАЛЫН ГИШҮҮН ДА.ГАНБОЛДТОЙ ЯРИЛЦ­ЛАА.

 -Оюу толгойн  далд уурхайн нэмэлт санхүүжилтэд зээл өгөх банкууд хугацаагаа ес­дүгээр сарын 31 хүр­тэл сунгахаар болж бай­гаа юм байна. Сан­хүүжилтийн хугацааг сунгах болсон шалтгаа­наас яриагаа эхэлье?

-"Оюу толгой" хэд хэ­дэн онцлогтой том төсөл. Монгол шиг улсын хувьд сүүлийн 40 гаруй жилд хэрэгжиж эхэлсэн хамгийн анхны том төсөл. Дэлхийн хэмжээнд ч ийм том төсөл тийм олноороо хэрэгждэггүй. Зэсийн салбарт гэхэд газрын гүнд мянга хол давсан метрийн доор үйл ажиллагаа явагдах өвөрмөц онцлогтой уурхай дэлхийд ч ховор. Газрын гүнд блоклон олборлох технологи талаас нь яривал мөн л сүүлийн үеийнх.Тэр утгаараа шууд хуулбарлаад хэрэгжүүлэх прак­тик, бололцоо бага­тай төсөл. Гэрээ бай­гуулах үед уурхай хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжиж ажиллана гэдэг нь тодорхой байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш гурван жил гаруйн дараа ил уурхай ашиглалтад орсон, одоо баяжуулах үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж байна. Дараа­гийн шатанд төлөвлөгөө гүний уурхай ёсоор 2016 онд ашиглалтад орох учир­тай. 

Цаашлаад 2019-2020 онд үе шаттайгаар илүү гүнээс дараагийн хүдрийн биетийг олборлох юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад буюу өнгөрсөн оны эхээр нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон гэдгийг хөрөнгө оруулагч тал мэдэгдсэн. Гадаад зах зээл таагүй, зэсийн үнэ уналттай, тээвэр ложистикийн асуудал бүрэн шийдэгдээгүй зэрэг шалтгаанаас болж борлуулалт удааширсан. Нэмэлт санхүүжилт авахын тулд хоёр тал зарим зарчмын асуудлаар хэлэлцээ хийх хэрэгтэй болсон. Одоогоор талууд нэгдмэл байр суурьтай болж харилцан тохиролцоонд хараахан хүрээгүй байна. Хэлэлцээ хэвийн үргэлжилж байна. 

-Төслийн нэгдүгээр үе шатны өртөг зардал хэтэрсэн асуудал дээр ойлголцолд хүрч чадсан уу?

-Нэгдүгээр үе шатанд өртөг зардал хэтэрсэн асуудлыг ярилцаж байгаа. 

-Хэлэлцээр сунжирч байгаа шалтгааны нэг нь ТЭЗҮ гэж ойлгосон. Хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-ээ хүлээлгэн өгснөөс хойш Эрдэс баялгийн зөвлөл шийдвэрээ хэдий хугацаанд гаргах бол?

-Гүний уурхайтай холбоотой илүү нарийвчилсан, нэмэлт судалгаан дээр түшиглэсэн, шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил тооцсон хугацаанаас удааширсан тал бий. ТЭЗҮ-ийг энэ оны зургадугаар сард багтаж өгнө гэж байгаа. Эрдэс баялгийн зөвлөл энэ бичиг баримттай хэдхэн хоногийн дотор танилцаж амжихгүй нь тодорхой. Тийм учраас бид есдүгээр сар гэж тогтсон. 

-Хэлэлцээ сунжирч байгаад Монголын Засгийн газрыг бу­руутгасан байр суурь гадаадын зарим хэвлэл мэдээллээр их цацагдаж байна. Зарим эдийн засагч, шинжээчид ч ийм агуул­гатай үг хэлдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Төслийн нөгөө талын хөрөнгө оруулагч тал болох "Туркойз Хилл", "Рио тинто"-гийн хувьд  дэлхийн зах зээл, хөрөнгийн бирж дээр ил тодоор бүртгэгдсэн, өөрийн өвөрмөц зүй тогтлоор ажилладаг компаниуд. Тэдэнд компанийнхаа талаар ямар нэг буруу, таагүй мэдээлэл гаргах сонирхол байдаггүй. Тэгвэл хувьцааных нь үнэ унадаг. Энэ нь тухайн компанийн зээлжих зэрэглэл, итгэл баталгаа, бизнесийн нэр хүндэд муугаар нөлөөлдөг. Цаашлаад хоёрдогч зах зээлээс босгох санхүүгийн эх үүсвэр олдох бололцоо нь сулардаг талтай. Асуудлыг энэ өнцгөөс нь харж ойлгох ёстой. Ийм шалтгаанаар ямар ч компани өөртөө буруу өгөх дургүй байдаг. Гол төлөв нөгөө тал руугаа тодорхой хэмжээний буруу тохох явдал нь дэлхийн нийтийн нийтлэг практик. Сумогийн дэвжээн дээр хоёр бөх гарч ирээд чи яагаад намайг түлхээд гаргачихав гэдэггүйтэй л адил зүйл. Угаасаа тоглоомын дүрэм нь ийм. Энэ бол бизнес. Монголын Засгийн газар ч гадаадын хөрөнгө оруулагч ч ашиг орлогоо нэмэгдүүлэхийн төлөө наймаа хийж байгаа л ажиллагаа. Ашиг орлогынхоо төлөө хэлэлцээ хийх явцдаа дундынхаа бизнест хохирол учруулах, ажлыг нь удаашруулах сонирхол байх ёсгүй. 

-ТЭЗҮ боловсруулах ажил ямар шалтгаанаар удаад байгаа юм бол? 

-Хоёр талд ашиглах гэж байгаа уурхайгаа аль болох удаан жил ажиллуулах, одоо ярьж байгаагаас илүү их хэмжээний хүдрийн биет олборлох сонирхол бий. Газрын гүнд байгаа хүдрийн биетийн нөөцийг зуун хувь гаргаж ирнэ гэж байдаггүй. "Хөрөнгө оруулагчийн зүгээс бидэнд өгч байгаа тайлбараар бол ТЭЗҮ удаж байгаагийн нэг шалтгаан нь энэ.  Байгалийн баялаг, эдийн засгийн нөөц гэдэг хоёр ондоо ойлголт. Бид эдийн засгийн нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө тодорхой шахалт үзүүлэн ажиллаж  байна. Үүнээс болж цаг алдсан байхыг үгүйсгэхгүй. Нөгөө тал ч аль болох удаан хугацаанд үр ашигтай ажиллуулах сонирхолтой байгаа. Анх төлөвлөснөөсөө илүү хэмжээний зэс, алтны нөөцийг  тогтоох, бүтээгдэхүүний гарц өндөр байх технологийг ашиглахын төлөө явж байгаа гэж бид ойлгодог. Энэ хэлэлцээний явц бидний бодсоноос удааширч байгаа. Гэхдээ энэ процесст улс төрийн янз бүрийн том дүгнэлт хийж, эсвэл хөрөнгө оруулагчаа хавтгайртал нь муулж, нэг бол Монголын Засгийн газар хомхой юм байна гэсэн туйлшралаар хандаж болохгүй.  

-Банкуудын санхүүжилтийн хугацааг энэ оны есдүгээр сараас наашлуулах бололцоо байгаагүй юм уу?

-Хөрөнгө оруулагч тал санаа­чилгаараа төслийн санхүүжилтийн асуудлыг өмнө нь хоёр ч удаа банкуудад тавьсан байдаг. Дээр хэлсэнчлэн, хэлэлцээний явц удааширснаас болоод өмнө нь асуудлууд хойшлогдож байсан. Бидний зүгээс хөрөнгө оруулагч талд шинэчлэгдсэн ТЭЗҮ-ээ дуусгах хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. ТЭЗҮ шинэчлэгдэж дуусаагүй болохоор хоёр тал өмнөх мэдээ­лэл, тоон дээр дараагийн шатны том хөрөнгө оруулалтын шийдэл гаргахад хүндрэлтэй тал байна. Ирэх саруудад бүх асуудлаа шийд­чихнэ гэж үзээд хугацааг харилцан тохиролцсон.

-ТЭЗҮ-тэй холбогдуулан яригдаж байгаа том асуудлын нэг нь ордын нөөц гэж харж байна. Оюу толгойн нөөц нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн таамаглал хэлэх хүмүүс бий. Энэ хэр ортой яриа вэ?

-Шинэчлэгдсэн ТЭЗҮ нь албан ёсоор хараахан гараагүй учраас нэмэгдэнэ өснө гэдгийг хэлэхэд эрт байна. Тодорхой хэмжээгээр өснө гэсэн урьдчилсан таамгийг "Рио"-гийн инженерүүд хэлж байгаа. Хайгуулын ажил одоо ч үргэлжилсээр байгаа. Цаашид ч байнга хийгдэх учиртай. Зургадугаар сард албан ёсны тооцоо, дүн гарна. 

-Оюу толгой төсөл Өмнөговьд Эрдэнэт шиг том хот босгох ёстой гэж үзэх хэсэг байдаг. Эдийн засаг талаасаа ингэх боломжтой юу?

-Монгол Улс социализмын үед Төмөр замын, Эрдэнэтийн, Бор-Өндөрийн, Бэрхийн гээд олон том гэрээ байгуулж хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол зах зээлд шилжиж шинэ нийгэмд ажиллаж амьдардаг болсноос хойш байгуулсан анхны том гэрээ. Социализмын үед байгуулсан Эрдэнэт, Төмөр замын гэрээнүүдэд улс төрийн агуулга нь илүү давам­гайлж байсан. Монгол Улс социализмын замаар явбал ийм хурдан хөгждөг юм гэдгийг харуулах нь тэр үеийн улс төрийн системийн хамтын чухал зорилго байсан. Өгөөжөө яаж өгөх нь гол зорилго байгаагүй. Дэлхий нийтэд үзүүлбэр болгохын тулд эмнэлэг, сургууль, цахилгаан станц, хивсний үйлдвэр, хүнсний комбинат бариад л Эрдэнэт гэдэг том хотыг босгосон. Социализмын үед ганц Эрдэнэт ч тэгж босоогүй. Улаанбаатар төмөр зам гэхэд л эмнэлэг, сургууль, цэцэрлэг, яслитай, улс доторх улс байсан. Энэ зөвхөн Монгол ч биш бүх социалист улс орнуудад хэрэгждэг зарчим байлаа. Ихэнх аж ахуйн нэгж ийм ачааг даадаггүй. Тийм учраас социализм өөрөө өөрийгөө даахгүй болоод дампуурсан. Ерээд оноос хойш Монросцветмет, Эрдэнэт, Төмөр зам бүгд бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж сургууль, эмнэлэг, ТЭЦ болон бусад нийгмийн асуудлуудыг төрдөө хариуцуулах болсон. Уурхай нь голчлон уурхайтай холбоотой үйл ажиллагаагаа л хариуцахаар болж байна.  

-Монголын талын хувийг нэмэгдүүлэх ёстой, тэгэхийн тулд гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс бий. Энэ дээр та ямар байр суурьтай байна?

-Хамтарсан дундын төсөл тул төслийн үр ашиг, өгөөжийг харилцан ашигтай байдлаар хуваах тухай зарчмын тохиролцоог Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсон байдаг. Төслийн эцсийн нийт үр өгөөжөөс Монголын тал 53 орчим хувь, хөрөнгө оруулагч тал 47 орчим хувийг хүртэнэ гэсэн тооцоо бий. Мэдээж энэ харьцааг өөрчлөх сонирхолтой хүн байхыг үгүйсгэхгүй. Аливаа  хүсэл сонирхлоо ул үндэстэй, тооцоотой илэрхийлэх хэрэгтэй. Манайд  дахиад 500 жил хадгалж хойч үедээ үлдээе гэж ярьдаг хүн ч бий. Энэ тохиолдолд заавал гадны хөрөнгө оруулалт гэлгүй Монгол Улс өөрөө 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар төслийг хэрэгжүүлж үр шимийнхээ 100 хувийг өөрөө хүртэх бололцоотой болох юм байна л даа. Иймэрхүү үндэслэлээр гэрээг өөрчилнө гэж ярьж болохгүй л дээ.

Аль ч том гэрээнд аль нэг тал­даа ашигтайгаар өөрчлөлт оруулах орон зай, бололцоо хэзээд байдаг. Дээр дурдсан социализмын үеийн төслүүдэд ч энэ байдал хамаарна. 1949 оны төмөр замын гэрээ, эсхүл 1973 оны Эрдэнэтийн гэрээг өнөөдрийн шалгуураар бодож анхнаасаа төгс, Монголынхоо талд илүү ашигтайгаар гэрээний нөхцөлийг сайжруулах гэж муйх­раар зүтгэсэн бол өнөөдөр бид төмөр замтай бас Эрдэнэт шиг үйлдвэртэй, хоттой байх байсан уу. Тийм учраас Оюутолгойн гэрээг бид зөвхөн өнөөгийн цаг үеийн шаардлага, өнцгөөс харж, дүгнэж болохгүй. 

-Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийг энэ жилдээ багтааж шийдэхгүй бол эдийн засаг хүндрэх магадлалтай гэсэн байр суурийг Төв банкнаас удаа дараа илэрхийлээд байгаа...?

-Энэ бол хоёр талтай асуудал. Нэг талаас Оюутолгойн нэмэлт санхүүжилтийг он дамжилгүйгээр шийдвэрлэвэл гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтад эрүүл, эерэг дохио болж бизнесийн орчин сайжирч говийн бүсийн хөгжилтэй холбоотой удаан жилийн төлөвлөлт, үйл ажиллагааг цаг алдалгүйгээр эхлүүлэх бололцоо тавигдана. Ингэснээр эдийн засгийн идэвх сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, улмаар мөнгө санхүүгийн систем тогтвортой болно. Нөгөө талаас, манай улсын эдийн засаг ганц хоёрхон томоохон үйл явцаас хэтэрхий хамааралтай байж, аль нэг аж ахуйн нэгж нь ханиад томуу тусахад улс орны эдийн засаг тэр аяараа савладаг байж болохгүй. Тийм учраас төмөр зам, авто зам, цахилгаан станцууд зэрэг уул уурхайтай холбоотой, холбоогүй өөр төслүүд хэрэгжих учиртай юм. Иймд асуудлыг хурдан шийдэх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг дохио болно гэдгийг манай Эрдэнэс Оюутолгой компани ойлгож өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд бололцоотой бүхнийг хийж ажиллаж байна. 

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт орж ирэхгүй байх нь эдийн засагт шууд утгаараа нөлөөлөх эсэхийг тодруулж асуумаар байна?

-Юуны түрүүнд нэгэн зүйлийг тодруулж хэлмээр байна. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын нэгэн томоохон хэсэг нь далд уурхайн санхүүжилтэд зарцуулагдсан. Нэмэлт санхүүжил­тийн асуудал бол дутууг нь гүйцээх зорилготой болохоос биш цоо шинээр далд уурхайг эхлүүлэх асуудал биш. Мөн түүнчлэн Оюутолгойн ордын дийлэнх нөөц нь газрын гүнд байгаа тул далд уурхайгүйгээр энэ төсөл өөрөө эдийн засгийн утга, агуулга багатай болно. Тийм учраас далд уурхайн санхүүжилт хийгдэх, хийгдэхгүйн тухай асуудал байхгүй. Ямар эх үүсвэр, нөхцөлөөр, хэзээ хийх вэ гэдэг нь илүү чухал. Нөгөөтэйгүүр, Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тухайд гэвэл дараахь зүйлийг онцолж хэлье. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ төслийн барилгын ажиллагаа яваг­­даж хөрөнгө оруулалтын хэм­жээ өндөр байсан. Өнөөдөр үйлдвэрлэлийн үе шатандаа шил­жиж орсон учраас нэг жилд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багасаж байгаа. Энэ нь өөрөө ийм хэмжээний том төслийн нэг шатнаас нөгөө шат руу шилжих үед зайлшгүй тохиолддог онцлог. Одоо Оюутолгойн ил уурхай хэвийн ажиллаж байна. Энэ жил гэхэд л ил уурхайгаас Эрдэнэтээс давсан хэмжээний зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөө гаргасан байгаа.

-Хийж байгаа хэлэлцээ сунж­рах хэрээр таны яриад байгаа хайлуулах үйлдвэр, төмөр зам, авто замын төсөл рүү орж ирэх том хөрөнгө оруулалтын хугацаа хойшилж таарна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Тодорхой хэмжээгээр санал нэг байна. Монгол шилжилтээ бүрэн гүйцэд дуусгаагүй улс гэж би хувьдаа боддог. Зах зээл, ардчилал руу шилжих нийгмийн шилжилт бүрэн дуусаагүй байна. Тийм учраас хуулиуд төгс төгөлдөр болоогүй, үе үе өөрчлөгдөж шинэчлэгддэг тохиолдол байна. Хөрөнгө оруулалтад энэ нь муугаар нөлөөлдөг. Дахин давтан хэлэхэд, Оюутолгой төсөл Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их ач холбогдолтой хэдий ч зөвхөн ганц төслийг түшиж хөгждөг улс орон байж болохгүй.