Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", "Айвенхоу Майнз" ХХК-иудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, "Оюу Толгой" ХХК-ийн хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2010 онд тус тус байгуулан ажиллаж байна.

"Оюу Толгой" ХХК-ийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК эзэмшиж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол болон "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолуудаар төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулсан.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь "Оюу Толгой" ХХК-ийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн эзэмших эрхийг "Эрдэнэс МГЛ" ХХК-иас албан ёсоор шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж байна.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн үндсэн зорилго нь Монголын талын 34 хувийн хувьцааг эзэмшин, "Оюу Толгой" ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож, ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлэх үйл ажиллагаа байна гэж компанийн дүрэмд тодорхойлсон болно.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн удирдлагын бүтэц нь Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага байна.

Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэрэгжүүлж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт Компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байх бөгөөд "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 02 дугаар тогтоолоор компанийн бүтэц орон тоог баталсан бөгөөд компани нь "Компанийн тухай хууль", "Компанийн хөдөлмөрийн дотоод журам"-ыг өдөр тутмын дотоод үйл ажиллагаандаа удирдлага болгохын хамт талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг мөрдлөг болгон ажиллаж байна.