“Оюу толгой” компани ажиллагсдынхаа амжилтыг урамшууллаа

“Оюу толгой” компани өнгөрсөн долоо хоногт “Шилдэг ажилтан шалгаруулах ёслол” зохион байгуулж, компанийн үнэт зүйлсийг амьдралд хэрэгжүүлж, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан зургаан ажилтанд шагнал гардууллаа. Блумберг Монгол Телевизээс Оюу толгойн Гүний уурхайн төслийн санхүүжилтийг “Шилдэг хэлцэл”-ээр шалгаруулсны дараагаар энэ удаагийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан нь онцлог юм.

“Оюу толгой” компанийн баримталдаг Хүндэтгэл, Хариуцлага, Ес зүй, Хамтын зүтгэл гэсэн үнэт зүйлсийг амьдралд хэрэгжүүлэхийн сацуу аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан зургаан ажилтан энэ удаагийн шагналын эзэд болсон юм.

Шагнал хүртсэн ажилтнуудын нэг Б.Өнөболд “Энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Оюу толгой бол олон мянган хүний нэгэн зорилгот хөдөлмөрийн үр шим юм. Бид бие биенийхээ ажлаар бахархдаг. Их, бага гэлтгүй хүн нэг бүрийн ажлын үр дүн бидний амжилтанд хувь нэмрээ оруулж байдаг” хэмээн хэллээ.

Р.Эрдэнэчимэг “Би Оюу толгойд дөрвөн жил ажиллаж байна. Өнөөдөр миний хувьд онцгой мөч тохиож байна. Бид шинэ тутам хамт олныг бүрдүүлж, өдгөө осол аюулгүй, үр бүтээлч компанийг бүтээж байна. Шагналаа Оюу толгойн болон улс орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөрлөж буй хамт олондоо зориулж байна” гэж ярив.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Өдөр бүр хамт олноосоо хичээл зүтгэл, шинэ санаачилга, бүтээлч байдал, хүсэл тэмүүллийг мэдэрч байдаг. Би дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч байсан. Оюу толгойн ажиллагсад миний хамтарч ажиллаж байсан багуудаас хамгийн шилдгийн нэгт зүй ёсоор орно. Шилдэг ажилтан шалгаруулах ёслолд нэр дэвшсэн, ялсан бүх хүн дэлхийд өрсөлдөх уул уурхайн мэргэжилтнүүд мөн” хэмээн шагнал гардуулах ёслолын үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард зохион байгуулсан “Шилдэг ажилтан шалгаруулах ёслол”-ын ялагч болсон хоёр төсөл Рио Тинтогийн Зэс, нүүрсний группийн дээд шагналыг мөн хүртсэн юм.